11.1.Компанийг шинээр буюу хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах /нэгдэх, нийлэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ замаар байгуулж болно.
11.2.Компанийг хувьчлах замаар үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчийн үүргийг төр хүлээх бөгөөд хувьцааны захиалга авах, худалдах, шилжүүлэх ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ.
12 дугаар зүйл. Компанийн үүсгэн байгуулагч
12.1.Компанийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, түүнчлэн хуульд заасан бол гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн байж болно.
12.2.Компаниас гаргасан хувьцааг иргэн, хуулийн этгээд, гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн эзэмшиж болно.
12.3.Компани нэг үүсгэн байгуулагчтай байж болно.
12.4.Компанийн үүсгэн байгуулагч нь тухайн компанийн хувьцааг эзэмшихгүй байж болно.
12.5.Төр, түүний байгууллага нь дараахь тохиолдолд компанийн үүсгэн байгуулагч болон түүний хувь нийлүүлэгч байж болно:
12.5.1.төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчилснаар шинээр бий болсон компанийн;
12.5.2.төрийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн байгуулах замаар үүссэн төрийн өмчит компанийн;
12.5.3. хууль тогтоомжид заасан журмын дагуу дампуурч байгаа компанийн төрд төлөх өрийг хувьцаагаар нь сольж авсан компанийн. Энэ тохиолдолд төр эдгээр хувьцааг З жилийн дотор бусад этгээдэд худалдах үүрэгтэй;
12.5.4.гадаадын хуулийн этгээдтэй хамтран байгуулсан компанийн;
12.5.5.хуульд заасан бусад.
12.6.Компанийг үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг компанийн үүсгэн байгуулагчид хамтран хариуцна. Үүсгэн байгуулах хурлын буюу төлөөлөн удирдах зөвлөл / хэрэв нэг үүсгэн байгуулагчтай бол үүсгэн байгуулагч/-ийн шийдвэрээр энэ зардлыг компани хариуцаж болно.
12.7.Компанийг үүсгэн байгуулахтай холбогдсон зардлыг төлсөн этгээд нь бусад үүсгэн байгуулагчдаас эзэмшиж байгаа болон эзэмшихээр захиалсан хувьцааны тоотой нь хувь тэнцүүлэн энэ зардлыг нэхэмжлэн авах, эсхүл гаргасан зардлынхаа хэмжээнд хувьцаа эзэмших эрхтэй.
12.8.Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь бусад компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байж болно.